ӨВЛИЙН ХАЙРЫН ДУУ КИНОНЫ ГОЛ ДҮРД ТОГЛОСОН СОЛОНГОСЫН АЛДАРТ ЖҮЖИГЧИН НАС БАРЖЭЭ

1458

Өмнөд Солонгосын нэрт жүжигчин, дуучин Park Yong Ha-г энэ сарын 2-ны өглөө эцсийн замд нь үджээ. Түүнийг оршуулах ёслолд гэр бүлийнхнээс гадна мэргэжилт нэгт найз нөхөд, үнэнч фэнүүд нь оролцжээ. Park Yong Ha өнгөрсөн зургадугаар сарын 30-нд гэртээ гар утасныхаа цэнэглэгч утсаар хоолойгоо боож нас барсан юм. Түүний аав ходоодны хорт хавдрын улмаас удаан хугацаанд зовж шаналж байгаа, мөн түүний хувийн менежментийн компанийн үйл ажиллагаа асуудалтай байгаан дээр сүүлийн 14 жилийн турш нойргүйдэх өвчнөөр зовж шаналж байсан нь түүний амиа хорлох шалтаан болсон хэмээн ойр дотныхон нь таамаглаж байгаа аж.

 

Жүжигчин, дуучин Park Yong Ha нь

1977 оны наймдугаар сарын 12-нд төрсөн бөгөөд 33-хан насандаа хорвоог орхин одсон юм. Тэрээр 1994 онд анх “Theme Theater” хэмээх олон ангид кинонд тоглож, жүжигчний замналаа эхлүүлсэн байна. Түүний дараа 2002 онд “Winter Sonata” буюу “Өвлийн хайрын дуу” кинонд Bae Yong Joon, Choi Ji Woo нартай хамтран тоглож нэр алдрын оргилд гарчээ. Уг олон ангит кино Өмнөд Солонгост төдийгүй Япон, БНХАУ, Филиппин, Монгол зэрэг улсад гарч, үзэгчдийн хүртээл болсон юм. Түүнээс хойш Park Yong Ha-гийн нэр хүнд өсч, “Loving You”, “Tokyo Wankie”, “On Air”, “The Slingshot” зэрэг олон ангит кинонуудад тогложээ. Мөн “If It Snows on Christmas”, “Although It is Hateful Again”, “The Scam” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна. Тэрээр хамгийн сүүлд “Love Song” хэмээх олон ангит кинонд тоглохоор гэрээ байгуулаад байжээ.