Жүжигчин Г.Ундармаа: Бүрэн тавилгатай гэрээ өрх толгойлсон, таван хүүхэдтэй ээжид бэлэглэжээ

644

“Single ladies-3” уран сайхны киноны нээлт өчигдөр боллоо. Нээлтийн үеэр кино зураг авалтад ашигласан таван ханатай, бүрэн тавилгатай гэрээ өрх толгойлсон, таван хүүхэдтэй ээжид бэлэглэсэн юм. Мөн Найман нуурын хөвөөнд авахуулсан зураг авалтын үеэр зүүсэн 999-ийн сорьцтой үсний мөнгөн даруулгыг дуудлага худалдаанд оруулав. Дуудлага худалдаа 750 мянган төгрөгөөс эхэлсэн бөгөөд 3.5 сая төгрөгөөр худалдаалсан юм. Түүнчлэн кино зураг авалтын үеэр өмссөн гоёлын даашинз, дээл зэргийг дэлгэсэн байлаа. Энэ үеэр киноны гол дүрийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаатай цөөн хором ярилцлаа.
Гурав дахь цуврал кино бүтсэн түүхээс сонирхуулахгүй юу?

-Бид сайхан кино хийх гэж хичээсэн. Киног хийх гэж олуулаа олон мянган километр зам туулсан. Кинонд хоёр секунд гарах дүрсийг авах гэж бид бараг 3000 км явсан. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас хойш кино маань сайхан болох болов уу гэж бодсоор зүрх их догдолсон. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэж бодоод өчигдөр, уржигдар унтаж чадаагүй.

-Киногоор юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Олон зүйлийг илэрхийлэхийг хүсч байгаа. Өнөөдрийн нийгэмд ганц бие эмэгтэйчүүдийн тухай сэдэв яалт ч үгүй хөндөх зүйл. Таарч тохирохгүй хүнтэй учирснаас болж эмэгтэйчүүд өрх толгойлж, хүүхдүүд өнчирж байна. Амьдрал гэдэг хэцүү даваа. Ханиа сонгох, сонгосон хойноо аз жаргалтай амьдарч чадах эсэх, үр хүүхэд дээ үлгэр дуурайлалтай амьдрах зэрэг бүгд хэцүү даваа. Тэр бүрт сургамж өгч, хүнд хүсээд ч ирдэггүй зүйл байдаг тул өөрийн хийж чадах зүйлээ хийж, аливаа зүйлд зөв хандах ёстой зэргийг харуулахыг хичээсэн.

Киноны зураг авалтад ашигласан гэрээ өрх толгойлсон эмэгтэйд бэлэглэсэн. Бэлгийн эзнийг хэрхэн сонгосон бэ?

-Кинонд хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон саальчин бүсгүй гардаг. Энэ дүрд зориулж бид гэр хийсэн. Тэр гэрээ бид олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд бэлэглэхээр анхнаасаа төлөвлөсөн байсан юм. Бид арчаатай, амьдралынхаа төлөө зүтгэж байгаа эмэгтэйд өгөхөөр олон хүн дээр судалгаа хийж байж Бямбааг сонгосон.

Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа дуулгахгүй юу?

-Манай багийнхан Монголдоо өөдрөг, өнгөлөг бүтээл хийхийг зорьж киногоо хийдэг. Хатуу зүйлийг хатуугаар нь харуулахыг хүсдэггүй. Хэцүү зүйлийг аль болох хөгжилтэйгөөр харуулахыг зорьдог. Маш олон ажил, уран бүтээл хийхийг зорьж байна.

Goomaral.net